ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Асуулт 1: Би урьд нь Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ авч байгаагүй. Одоо импортоор бараа оруулахаар төлөвлөж байна. Надад зөвлөгөө өгөөч?

Хариулт: Та бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа компанитайгаа олон улсын худалдааны аль нэг нөхцлийн (INCOTERMS2010) дагуу худалдааны гэрээ байгуулна. Тохирсон нөхцлийг Тээвэр зуучлалын компанид мэдэгдснээр бид тээвэрлэлтийн хамгийн зөв замнал, хямд зардлаар тээвэрлэлтийн төлөвлөгөө боловсруулан өгнө. Уг үнийг хүлээн зөвшөөрснөөр тээвэрлэлтийн ажиллагаа эхэлнэ.

Асуулт 2: Тээвэрлэлтэд ямар ямар бичиг баримт шаардлагатай болох вэ?

Хариулт: Ачаа дамжин өнгөрөх орны боомт болон МУ-ын хилээр орж ирэх үед хил, гаалийн шалгалтаар доорх бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай ба барааны нэр төрөл, гарал үүслээс хамаарч энэ нь өөр өөр байдаг. Дэлгэрэнгүйг МХЕГ-н цахим хаягаар орж шалгаарай.

  1. Баглаа боодол болон үнийн жагсаалт (Invoice/Packing list)
  2. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл. (зөвхөн тусгай зөвшөөрөл шаардагдах ачаанд)
  3. Компаний гэрчилгээ
  4. Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin)
  5. Чанарын гэрчилгээ (Certificate of Quality)
  6. Экспортлогч улсын эрүүл ахуйн гэрчилгээ (Health Certificate)
  7. Экспортлогчийн Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ (ISO)
  8. Худалдааны гэрээ (Sales contract)

Асуулт 3: Манай компани том овор ихтэй техник БНСУ-с оруулж ирэх гээд гэрээ хийсэн юм. Яаж тээвэрлэх вэ?

Хариулт: Энэ төрлийн ачааг ачихад хамгийн түрүүнд ачааны техникийн зураг, фото зураг хэрэгтэй. Зургийн дагуу усан онгоц, автомашин, төмөр замаар тээвэрлэх ачилтын техникийн зураг болон бэхэлгээний зааврыг боловсруулан тээврийн хэрэгслийг тодорхойлж үнийн санал гарна.

Задгай ачаа нь хэт хэтрүү овортой тохиолдолд Хятад болон Монголын төмөр замаар тээвэрлэгдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.

Асуулт 4: Хувийн хэрэгцээндээ бага хэмжээний ачааг хамгийн бага зардлаар яаж авах вэ?

Хариулт:  LCL “Less than a Container Load” буюу дангаараа бүтэн чингэлэг хүрэхгүй ачааг бусад ачаатай нийлүүлэн чингэлэгт ачихад тээвэрлэлтийн бага зардал гардаг.

Мөн бид  Европын холбооны улсуудаас “Less than a Truckload” буюу автомашинд олон үйлчлүүлэгчдийн ачааг цуглуулан бага зардал богино хугацаатай тээвэрлэлтийг хийн гүйцэтгэж байна.

Асуулт 5: Ачааны тээврийн төлбөрийг ямар хэлбэрээр хийж болох вэ?

Хариулт: Тээвэр зуучлалын компани нь олон улсын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тул үнийн саналыг ам.доллараар өгдөг бөгөөд Монгол Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хууль, “Валютын зохицуулалтын тухай” хуулийн дагуу төлбөрийг төгрөгөөр авна. Үнийн санал болон нэхэмжлэхэд бичигдсэн төлбөрийн валютын ханшийг төлөх өдрийн арилжааны банкны зарах ханшаар тооцно. Арилжааны банкны ханш нь ачаа ирсэн өдрөөс төлбөр төлөх өдөр хүртэл буурсан бол төлбөрийн валютын ханшийг ачаа ирсэн өдрийн арилжааны банкны зарах ханшаар тооцох болно.